“Шинэ эхлэл” сургуулийн барилгын өргөлтгөлийн нээлт, Кембрижийн олон улсын шалгалтын сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаа
Шинийн 8-ны билэгт сайн энэ өдөр Шинэ эхлэл сургуулийн барилгын өргөтгөлийн нээлт, Кембрижийн олон улсын шалгалтын сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр Дэлхийн 160 гаруй орны 10000 гаруй сургуулийн сурагчдаас Кембрижийн олон улсын AS түвшний Зураг дизайн 9704 хөтөлбөрийн 2019 оны хаврын олон улсын шалгалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноог авч, “TOP in the WORLD” AWARDS буюу “ДЭЛХИЙН ТОП ҮНЭЛГЭЭ” авсан 12б ангийн сурагч М.Нямцэнгэлийн гэрчилгээг гардуулан өглөө.
Үйл ажиллагаанд БСШУСЯ, БГД-ийн боловсролын хэлтэс, олон улсын хөтөлбөрийн сургалттай, Шинэ эрин, Монгол тэмүүлэл сургуулиудын удирдлагын баг, хамтран ажиллагч байгууллага, эцэг, эхийн төлөөллөө урин амжилт, бүтээлээ хуваалцсан ба Кембрижийн олон улсын IGCSE түвшний 0400, AS түвшний 9704, 9479 хөтөлбөрийг сонгон судалж байгаа сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо.
Г.Галмандах багштай зураг дизайн хөтөлбөр сонгон суралцаж байгаа сурагчид маань улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцохын зэрэгцээ шилдэг бүтээлүүд нь 2018 онд ОХУ-ын Улаан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотуудын үзэсгэлэнд тавигдсан, 2019 онд Япон улсад болсон Өсвөрийн гэрэл зурагчдын улсын уралдаанд оролцсон 12а ангийн сурагч Б.Индира 11а ангийн сурагч А.Ариунбаяр, 10а ангийн сурагч Б.Мөнх-Оюу нар бүгд медальт байрт шалгарч, үнэмлэхүй амжилт үзүүлсэн, 11а ангийн сурагч М.Номуунаа, 11б ангийн сурагч М.Хулан, 12б ангийн сурагч Ц.Мөнххүслэн нар өөрсдийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан зэрэг бахдам амжилтын эзэд юм.
Тодотгол: Кембрижийн олон улсын шалгалтын топ үнэлгээг Монгол улсын хэмжээнд анх удаа Шинэ эрин сургууль 2013 (IGCSE Mathematics), удаах шагналыг Монгол тэмүүлэл сургууль 2016 онд (IGCSE Mathematics), Орчлон сургууль 2017 онд (IGCSE Mathematics, Combined Science and AS Mathematics) тус тус хүртэж байсан бол 2019 онд Шинэ эхлэл сургуулийн 12б ангийн сурагч М.Нямцэнгэл AS түвшний Зураг дизайн 9704 хөтөлбөрийн Монголын анхны ДЭЛХИЙН ТОП үнэлгээг эх орондоо авч ирлээ. Сүүлийн жилүүдэд Монгол сурагчид Кембрижийн олон улсын шалгалтын үнэлгээгээр Дэлхийд тэргүүлж бахархам амжилт гаргаж байна.