
“Амгалан Баянгол” хөтөлбөрийн хүрээнд БГД-ийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, “Шинэ эхлэл” ОУХСС хамтран “Ээжүүдээ чөлөөлье” сэтгэл зүйн өдөрлөгийг зохион байгууллаа.

Орчин үед нийгэм хурдтай өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн амьдралын хэв маяг, ажил хөдөлмөр, гэр бүлийн орчинд тулгардаг хүндрэл, бэрхшээл улам бүр олон талт, төвөгтэй шинжтэй болсоор байна. Ийм нөхцөлд сэтгэл зүйн мэдлэг, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах нь хувь хүн болон гэр бүлийн аз жаргал, нийгмийн сайн сайхан байдлыг хангахад нэн чухал үүрэгтэй юм. Ялангуяа ээж хүн гэр бүлийн халуун дулаан орчныг бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд чухал нөлөөтэй тул тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих нь нийгмийн хөгжлийн үнэтэй хөрөнгө оруулалт гэж үздэг.

Энэхүү арга хэмжээний зорилго нь ээжүүдэд сэтгэл зүйн суурь мэдлэг олгох, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилд суралцуулах, хүүхэдтэйгээ зөв үр дүнтэй харилцах чадварыг нэмэгдүүлэх, гэр бүлийн эерэг уур амьсгал бүрдүүлэх, мөн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа бөгөөд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн 100 ээж хамрагдлаа.

Өдөрлөгт дараах мэргэжилтнүүд урилгаар оролцож, ээжүүдэд мэргэжлийн зөвлөгөө, аргачлал болон үнэ цэнтэй мэдээлэл хүргэлээ:

• Боловсрол судлалын докторант, “Андра” академийн үүсгэн байгуулагч, топ модель, Монгол Улсын мисс Х.Бадамгэрэл
• Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл засалч Б.Баянмөнх
•“Рийл Терапи” ХХК-ийн сэтгэл зүйч П.Мөнхгэрэл

Арга хэмжээнд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлсэн байгууллага, мэргэжилтнүүд болон нийт ээжүүддээ талархал илэрхийлье.