Олон улсын их сургуулидын холбоотой хамтран ажиллана
Шинэ Эхлэл сургуулийн Шинжлэх ухааны судалгааны баг хамт олон “Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбоо”-оос зохион байгуулдаг International Students’ Science Fair олон улсын арга хэмжээнд “Монгол хонины сүүлний уургийн нийлэмж” шинжлэх ухааны судалгааны илтгэлээр АНУ-ын Чикаго хотод 2018.06.24-2018.07.02-ны өдрүүдэд оролцсон билээ.
Тус арга хэмжээний үеэр University of Chicago (UIC)-д зочилж ОУИСХолбооны төлөөлөлтэй уулзаж, сургуулиа танилцуулж байсан юм. Өнөөдөр түүний мөрөөр Америкийн 12 олон улсын их сургуулиудын хамтарсан холбоо болох International University of Alliance (IUA)-ийн Хойд Азийн бүс хариуцсан менежер хатагтай Keera Smith гадаад оюутнуудыг элсэн суралцахад нь бодитоор дэмжих бодлого, зорилтынхоо хүрээнд 2018 оны 09-р сарын 14-ний өдөр “Шинэ Эхлэл” сургуульд хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны талаар халуун яриа өрнүүлсэн төдийгүй 12-р ангийн суралцагчдад танилцуулга илтгэл тавилаа.
Энэхүү уулзалтаар тэрээр манай төгсөгчдөд IUA холбооны их дээд сургуулиуд руу элсэн суралцахад томоохон дэмжлэгүүдийг үзүүлэхээ амлалаа. Үүнд:
- Төгсөгчид аливаа зуучлалын байгууллагаар дамжуулалгүй IUA холбоогоор ямар ч төлбөргүйгээр шууд зуучлуулан холбогдох
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний үнэлгээний дундаж болон олон улсын англи хэлний шалгалтын оноог өөрсдийн системд хувирган тооцох
- Богино хугацаанд сургуулийн урилгаа авах
- Тэтгэлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх
- Сургуульдаа элсэн орсны дараа ч шинэ улсын амьдралын хэв маяг, сургуулын кампус, сургалт, хичээлдээ дасан зохицоход нь IUA холбооны мэргэжилтнүүд байнга зөвлөн ажиллах
- Их сургуулиа төгсөөд АНУ-д ажлын карьераа эхлүүлэхэд тусалж, карьер хөгжлийн мэргэжилтэн 4 жилийн турш сургалт, зөвлөгөө хийж ажиллах.
Хамтын ажиллагааны хүрээнд манай сургуулийн төгсөгчид АНУ-ын их дээд сургуулиудад суралцан, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшихэд нэг алхмаар ойртлоо.