Newbeginning
Мэдээ, Сурагчдын зөвлөл


Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 08 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдлаа.

Дэлхийн улс орнуудын төр, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшил болон залуучуудын төлөөллийг нэг дор цуглуулсан энэхүү олон улсын томоохон арга хэмжээнд Шинэ эхлэл сургуулийн робот технологийн суралцагчид оролцож, өөрсдийн зохион бүтээсэн робот технологийн бүтээл, шинэлэг шийдлүүдээ танилцууллаа.

Суралцагчид байгаль орчны тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, инженерчлэл, робот технологийн шийдэлтэй уялдуулан бүтээлээ хөгжүүлсэн нь тэдний бүтээлч сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадвар болон технологийн мэдлэгээ бодит амьдралын асуудалд ашиглах боломжийг харуулсан онцлог үйл явдал байлаа.

Тухайлбал, суралцагчид гар доорх материал ашиглан бүтээсэн, мэрэгч амьтдын тоо толгойг зохицуулахад чиглэсэн шонхор шувуун робот зэрэг бүтээлээ COP17-ийн үеэр олон нийтэд танилцуулсан юм. Ийнхүү байгаль орчны асуудлыг робот технологиор шийдвэрлэх өөрсдийн санаа, туршилт, бүтээлээ олон улсын хэмжээний арга хэмжээнд дэлгэн үзүүлсэн нь суралцагчдын хувьд үнэ цэнтэй туршлага боллоо.

COP17-д оролцсоноор суралцагчид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлын талаар мэдлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ технологи, инноваци эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ямар чухал үүрэгтэй болохыг бодитоор мэдэрч, олон улсын арга хэмжээний орчинд өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олдсон юм.

Шинэ Эхлэл сургууль нь суралцагчдын шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сурсан мэдлэгээ бодит асуудлыг шийдвэрлэхэд ашиглах боломжийг дэмжин ажилладаг. Манай суралцагчид НҮБ-ын COP17 зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд бүтээлээ танилцуулсан нь тэдний цаашдын суралцах хүсэл эрмэлзэл, инновацлаг сэтгэлгээнд чухал түлхэц болсон бахархам үйл явдал байлаа.

Ирээдүйн тогтвортой хөгжлийн шийдлийг өнөөдрийн суралцагчид бүтээнэ.